来源:驻蒙古国大使 类型:转载 分类:新闻
2025-09-23 17:30
2025 оны 9-р сарын 2-ны өглөө, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд БНХАУ, ОХУ, Монгол Улсын төрийн тэргүүн нарын VII уулзалтыг хийлээ.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад, Орос, Монгол гурван талын хамтын ажиллагаа тогтвортой урагшилж, бодитой үр дүнд хүрсэн. Гурван талт хамтын ажиллагааны дунд хугацааны замын зураглал амжилттай хэрэгжиж, гурван улсын худалдааны хэмжээ тасралтгүй өсөж, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, байгаль экологийн хамгаалал болон соёл хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч байна. Уул усаараа холбогдсон, найрсаг хөрш орнуудын хувьд, БНХАУ нь ОХУ, Монголын талтай хамтран хамтын ажиллагааны анхны зорилгоо чанд баримталж, гадаад саад бэрхшээлийг арилгаж, гурван талын хамтын ажиллагааг өндөр чанартай хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна гэв.
Ши Жиньпин БНХАУ, ОХУ, Монгол Улсын хамтын ажиллагааг урагшлуулах талаар гурван санал дэвшүүлэв. Үүнд:
Нэгдүгээрт, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх. Олон улсын нөхцөл байдал улам бүр ээдрээтэй болох тусам, Хятад, Орос, Монголын гурван тал илүү ихээр эв нэгдэлтэй хамтран ажиллаж, харилцан дэмжлэгээ нэмэгдүүлж, бие биеийнхээ үндсэн ашиг сонирхол болон томоохон чухал асуудлыг харилцан хүндэтгэж, тус тусын хөгжлийн замд стратегийн найдвартай түшиг тулгуур байх хэрэгтэй.
Хоёрдугаарт, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх. “Дэд бүтцийн холболт”-ыг чухал чиглэл болгон гурван улсыг холбосон хил дамнасан дэд бүтцийн байгууламж, эрчим хүчний төслүүдийг идэвхтэй урагшлуулж, хамтын ажиллагааны агуулгыг баяжуулах; “Бодлогын уялдаа холбоо”-г чухал тулгуур болгон хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, үндэсний валютаар төлбөр тооцоо хийх цар хүрээг өргөтгөх; “Харилцан ойлголцлын холболт”-ыг чухал суурь болгон гурван улсын хаяа дэрлэн орших муж, аймаг, бүс нутгийн харилцааг нягтаршуулж, аялал жуулчлал болон соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Гуравдугаарт, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтран ажиллах. ШХАБ нь бүс нутгийн орнуудын аюулгүй байдлыг хамтдаа хамгаалж, хөгжил дэвшлийг хамтдаа эрэлхийлэх гол тавцан юм. Тяньжиний дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын санаачлан байгуулсан төрөл бүрийн хамтын ажиллагааны платформ, төвүүдийг үр дүнтэй ашиглаж, хамтын ажиллагааны илүү өргөн орон зайг нээх шаардлагатай гэв.
Путин тэмдэглэхдээ, ОХУ, БНХАУ, Монгол Улс бол найрсаг хөршүүд бөгөөд урт удаан хугацааны хамтын ажиллагааны уламжлалтай. Улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь маш чухал бөгөөд энэ нь гурван талын харилцааны суурийг бататгахад ач тустай. ОХУ-ын тал Хятад, Монголтой эрх тэгш, харилцан ашигтай, ирээдүйг чиглэсэн стратегийн хамтын ажиллагааг өрнүүлэхэд бэлэн бөгөөд ингэснээр гурван талт хамтын ажиллагаа болон хоёр талт хамтын ажиллагааг харилцан нөхөж, хамтатган урагшлуулах боломжтой. Гурван тал хөгжлийн стратегийн уялдаа холбоог нягтруулж, харилцан уялдаа холбоо холболтыг бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг өргөтгөн, банк санхүү, эрчим хүч, дижитал эдийн засаг, боловсрол, байгаль орчны хамгаалал, аялал жуулчлал зэрэг салбар дахь хамтын ажиллагаа, солилцоог гүнзгийрүүлж, тус тусын эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлж, бүс нутгийн эдийн засгийн нэгдлийг урагшлуулж, ард иргэдийн харилцан ойлголцлыг ойртуулах хэрэгтэй гэв.
У.Хүрэлсүх тэмдэглэхдээ, БНХАУ, ОХУ нь Монгол Улсын чухал хөрш орнууд бөгөөд Монголын тал хоёр талын харилцааг улам ойртуулж, гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулан, соёл хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлж, гурван улсын ард түмэнд үр өгөөжийг хүртээж, бүс нутгийн хөгжил, цэцэглэлтийг дэмжихийн төлөө чармайн ажиллах болно. Энэ жил Хятад ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалт болон Зөвлөлтийн Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол, Хятад, Орос гурван улсын ард түмэн энэхүү түүхэн мөчийг хамтдаа тэмдэглэж, дурсахын зэрэгцээ дэлхийн хоёрдугаар дайны зөв үнэлэмжийг түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэв.
Цай Чи, Ван И нар тус уулзалтад байлцав.


